Хүний үр удамд цацраг-идэвхит бодисын хор хөнөөл ( Тойм өгүүлэл )

Цацраг идэвхт үзэгдлийг нээж Пьер Кюри, Мария Склодовсзая -Кюри гэх эхнэр , нөхөр хоёр 1903 оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн түүхтэй. Мария түүхэнд анхны эмэгтэй шагналтан болсон төдийгүй 1911 онд 2 дахь удаагаа Нобелийн шагналтан болжээ. Энэ удаа тэр химийн салбарын шагналыг авсан байна. Эдний гэр бүлийнхнийг Нобелийн шагналын “даллага ” авсан хүмүүс гэж нэрлэдэг нь тохиолдлын хэрэг биш юм. Учир нь дээрх хосын охин Ирен Жолио Кюри өөрийн нөхөр Фредрик Жолиогийн хамт цацраг-идэвхт бодисыг нийлэгжүүлэн гаргаж авсныхаа төлөө 1935 онд химийн салбарын Нобелийн шагналтнууд болсон юм.

Харамсалтай нь эх, охин хоёр судалгаа хийх явцдаа цацраг идэвхт туяаны тунг их авснаас хоёул цусны хорт хавдраар өвчилж цагаасаа эрт хорвоогийн мөнх бусыг үзсэн түүхтэй. Шагналтнууд маань хорт хавдраар өвчилж, шаналж байх үедээ “Би хүн төрөлхтөнд юу л нээгээд өгчихөв дөө?” гэж эргэлзэн харамсаж өгүүлсэн удаатай гэдэг. Цацраг туяа дээр өгүүлсэнчлэн хорт хавдар үүсгэдэг төдийгүй хүний үр удамд хортой нөлөө үзүүлдгийг хүн төрөлхтөн мэддэг болсоор удаж байна.

Рентген туяаг нээсэн (1895) тэр цагаас л үр хөврөл, урагт үзүүлэх түүний нөлөөг судалж эхэлсэн. Энэ талын анхны мэдээлэл 1901 онд гарч , бага аарцгийн эрхтнээ R- туяагаар шинжлүүлсэн эмэгтэйн хүүхэд төрөөд нас барсан тухай бичсэн (Barm Boulle). Цаашид ялангуяа жирэмсний эхний саруудад цацраг туяанд өртөх нь үр хөврөл, урагт илүү хор хөнөөлтэй болохыг эмнэлзүйн болон туршин шинжлэлийн олон судалгаа баталсан юм. Жирэмсний эхний саруудад цацраг туяаны тун авсан эмэгтэйн үр 
хөврөл үхэж, зулбах , хөгжлийн гажигтай төрөх тохиолдол 20-60% хүртэл ажиглагддаг байна (А.П.Кирюшенко 1978).

R-туяа удамшлын бүтцийг гэмтээж мутац үүсгэдэг болохыг 1927 онд Америкийн удам зүйч Мюллер жимсний ялаан дээр туршин баталж Нобелийн шагнал хүртсэн түүхтэй. Үүнээс үүдэн үр удамд цацраг идэвхт туяаны үзүүлэх нөлөөг хулгана, харх, туулай, усан гахай, мич зэрэг амьтад дээр туршин мутаци үүсгэдэг болохыг олон судлаачид хөдөлшгүй баталсан байна. Эдгээр судалгаанаас харахад мичний бэлгийн эсийн цацраг туяанд мэдрэг чанар хулганы бэлгийн эсээс 2-2.5 дахин илүү байжээ. Энэ нь хүний бэлгийн эс цацраг туяаны маш бага тунд гэмтэж болохыг харуулж байгаа юм. Мөн хүний эдийн өсгөвөрт мутаци үүсгэх R-туяаны идэвхи нь гамма туяаныхаас 2 дахин, нейтроныхоос 10 дахин их байжээ (Н.П.Дубинин). Өөр өөр туяаны ижил тун ийнхүү хүний эсэд харилцан адилгүй хэмжээтэй мутаци үүсгэдэг нь практикийн тодорхой ач холбогдолтой юм.

Цацраг туяа үр удамд ямар аймшигт хөнөөлтэйг атомын бөмбөгөнд өртсөн Хирошима, Нагасаки хотын хүн амын гунигт хувь заяа харуулсан. Нагасакид хаясан атомын бөмбөгний тэсрэлтэд жирэмсэн үедээ өртсөн 211 эмэгтэйн талаар J.Yamazaki нар (1953, 1954) дараах судалгааны ажлыг хэвлүүлжээ. Үүнд дээрх жирэмсэн эмэгтэйчүүдээс 98 нь дэлбэрэлтийн голомтоос 2 км , 113 нь 4-5 км-ийн зайд байсан байна. 30 эмэгтэйд туяаны өвчний илэрхий шинж ажиглагдсан бөгөөд 7 эмэгтэйн ураг хэвлийдээ үхэж, 6 эмэгтэйн хүүхэд төрөөд эхний сардаа эндсэн байна. 5 нас хүртлээ амьдарсан 17 хүүхдийн 4-т оюуны хомсдол, хэл ярианы дутуу хөгжил, нүдний болор-ын бүдэгшил зэрэг гажиг согог илэрчээ.

Genaud (1950) Японд хаясан атомын бөмбөгийн тэсрэлтэнд өртсөн жирэмсэн эмэгтэйчүүдийн талаар дараах материал хэвлүүлсэн байна. Бөмбөгний дэлбэрэлтийн голомтоос 1 км-ийн доторх зайд байсан бүх эхчүүд дутуу төрж, зарим нь зулбасан бол 2-3 км зайд байсан эмэгтэйчүүдийн 2/3 нь зулбажээ.

Plummer (1952) эх нь жирэмсний янз бүрийн хугацаанд Хирошимагийн атомын бөмбөгний тэсрэлтэнд өртсөн 4-5 насны 205 хүүхдийг ажиглаж судалжээ. Дэлбэрэлтийн голомтоос 1.2 км-ийн зайд байсан 11 эхийн хүүхдүүдээс 7 нь микроцефалитай, өсөлт хөгжлийн сааталтай байсан байна.

Цацраг туяаны хөнөөлийг заавал атомын бөмбөг тэсэлсэн үед, эсвэл атомын цахилгаан станц , химийн үйлдвэрийн ослын үед гардаг мэтээр ойлгох нь учир дутагдалтай. Хүнд нөлөөлөх цацраг идэвхийг байгалийн ба зохиомол гэж ялгаж үздэг .

Хүрээлэн байгаа орчны цацраг идэвхит бодис тухайлбал орон байрны радон, хоол хүнсэн дэх цацраг идэвхит изотоп, сансрын туяа, агаарын тоосонцрын бетта идэвхи, энэ бүхэн бол байгалийн цацраг юм. Хүн байгалийн цацрагийн тодорхой түвшинд (фон) дасан зохицсон байдаг. Тэгтэл энэ фонийн түвшин огцом өөрчлөгдвөл хүний удамшлын бүтэц хувьсан улмаар төрөлхийн гажиг, удамшлын өвчин нэмэгдэх шалтгаан болно. Сүүлийн үед манай орны нүүрсний хэрэглээ ихсэж хаа сайгүй шинэ, хуучин уурхайнууд ажиллах болсны зэрэгцээ хайлуур жонш, алт, холимог металл, ураны орд газруудыг ашиглах болсон нь тухайн нутаг орны цацраг идэвхийн байгалийн түвшний хэмжээ өсөх нөхцлийг бүрдүүлж байна .

Цөмийн туршилт, атомын цахилгаан станц, химийн үйлдвэрийн осол, цацраг идэвхит хаягдал, анагаах ухааны цөмийн оношилгоо, эмчилгээ зэрэг нь зохиомол цацрагт хамаарах бөгөөд нэгэнт гадаад орчинд хаягдсан цөмийн задралын бүтээгдэхүүнүүд болох үүсмэл цацраг идэвхит изотопууд нь хоол хүнс, ундны ус, амьсгалах агаараар дамжин хүний биед орж дотоод шарлагын эх үүсвэр болдгоороо аюултай. Хэдэн жилийн тэртээд Персийн булангийн дайнд оролцсон Америк цэргүүд олноор өвчлөхөд “Цөлийн тоосны өвчин” гэж нэрлэцгээж байсан . 

Үнэн чанартаа Америк, Нато -гийн эрх баригчид энэ дайнд ханасан ураны сум хэрэглэснээс ураны цэнэгтэй тоосоор амьсгалсан олон цэргүүд ийнхүү өвчилсөн нь хожим илэрсэн билээ. Америкчууд ураны сумыг Ирак, Босинийн дайнд ч хэрэглэсэн болох нь батлагдсан. Дээрх бүс нутаг, улс орны хүн амын дунд хорт хавдар, хүүхдийн төрөлхийн гажиг илт нэмэгдсэн тухай телевизийн баримтат киног 2011 онд үзүүлсэн. Энэ баримтат кинонд Иракийн дайнд оролцож эвдэрсэн хуягтуудыг ачиж цэвэрлэх  ажиллагаанд хамгаалах хувцас хэрэгсэлгүй оролцсон нэг Америк цэргийн 3 хүүхэд удамшлын гажигтай төрснийг харуулж, эцэг эх нь “Ураны сум ”-ны тухай мэдээгүй гэж харамсан үгүйлж харагдана билээ. (Тайлбар: Энд Depleted uranium буюу уран олборлосны дараа үлдсэн шороогоор хийсэн тэсрэх бөмбөгийг ураны сум хэмээн нэрлэжээ)

Тэгэхээр цацраг туяанд өртөх аюул заавал атомын бөмбөг дэлбэрч, Чернобиль, Фукушимагийн атомын станцид гарсан осол шиг сүр дуулиантай юм болж байж ирдэг  зүйл биш ажээ. Хаяа нийлсэн хөрш орнууд маань цөмийн туршилт хэд хийснийг бид нарийн мэдэхгүй. Лав 1964-1996 оны хооронд урд хөрш маань агаар мандал, газар дээр болон дор 46 удаа цөмийн туршилт хийснийг Япон хүний бичсэнээс олж мэдэв (Хавсралт хүснэгт-ийг харна уу). Зарим туршилт нь ч Уйгар, Үрэмч гээд манай хилээс холгүйхэн болж байсан бололтой юм .

Ер нь Монголчууд бид юугаар амьсгалж, юу идэж, ууж, аль хир аюулгүй материалаар суух сууцаа барьж байдаг юм бол? Нэгэн үе бид “деспа” гэдэг хавтанг барилгын материал болгон ашиглаж зуслангийн байшингийнхаа доторлогоо зэрэгт өргөн хэрэглэж байв . Гэтэл түүнийг европынхон хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэж хэрэглэхийг цээрлээд удаж байгаа аж. Мөн үнсэн блок гэдэг юм гарч нэгэн цагт тэр рүү их хошуурсан. Гэтэл үнсэн блок радиаци ихтэй учир орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг ахуйн хэрэглээний барилгад ашиглахыг цээрлэдэг юм байна.

Саяхан Монголын нэг судалгааны багийнхан бидний ундны усан дахь цацраг идэвхит ураны хэмжээ зөвшөөрөгдөх төвшингөөс дээгүүр байгаа тухай мэдээлсэн. Зарим эрх мэдэлтнүүд баталгаагүй юм ярьж шуугиан тарилаа гэж зэмлэсэн сурагтай. Баталчих эсвэл үгүйсгэчих боломж чадал нь Монголд байдаггүй бололтой юмаа даа. Бас Японоос орж ирж байгаа автомашинуудаас цацраг идэвхит бодис илэрч байгаа тухай яриа гараад чимээ тасрав . Энэ бүхнийг хянаж цагдах, шинжилж илрүүлэх ёстой манай мэргэжлийн байгууллагуудын чадамж, чадвар ямар төвшинд байдаг юм бол?

Янз бүрийн эх үүсвэрээс үүдэлтэй цацраг идэвхит бодисын хор хөнөөлөөс хүн зоноо хамгаалах төрийн бодлого яаж хэрэгжиж байна вэ?

2000 онд “Цөмийн зэвсгээс ангид байх тухай ”, 2009 онд “Цөмийн энергийн тухай ” Монгол улсын хуулиуд батлагдаж, цөмийн энергийн комиссоо засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу “Цөмийн энергийн газар ” болгон өргөтгөсөн зэрэг нь ураны хүдрийн арвин нөөцтэй орны хувьд цацраг идэвхит бодисын талаар төрөөс баримтлах бодлогодоо анхаарал тавиад байгаа бололтой юм . Гэтэл гадаад орны цөмийн хаягдлыг өөрийн нутаг дэвсгэртээ булшлах талаар зарим оронтой нууц тохиролцсон тухай мэдээлэл гарч дэлхийгээр нэг тархаж, энэ мэдээг анх олж нийтэлсэн “Майничи Шинбун ” Японы сэтгүүлчдийн байгууллагынхаа тусгай шагналыг
хүртээд байхад манай төрийн захиргааны байгууллагууд таг чиг чимээгүй байгаад байгааг юу гэж ойлгох ёстой юм бол?

1437975223
Хятад улсад хийгдсэн цөмийн туршилтууд


И.Пүрэвдорж

Монголын анагаах ухааны академи


Эх сурвалж:

Монголын анагаах ухаан сэтгүүл, 2012, 2(160)
http://www.mongolmed.mn/article/761
Илгээх | 995 хүн уншсан

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (0)




:-)
 

Уран, АЦС, цөмийн хаягдал

Ингэхэд уран[1] гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ? Уран гэдэг бол цацраг идэвхт бодис[2] (radio active element) юм. Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ? Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм. Цацраг туяа гэж юу вэ?.

Дэлгэрэнгүй »

ШАР НУНТАГ баримтат кино

Энэхүү баримтат кино нь ураны уурхайн тухай та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Германчууд ураны уурхайгаа яагаад хаасан, Намиб уурхайчин бүсгүй ураны уурхайд хэрхэн ажилладаг гээд ураны уурхайтай холбоотой бүхий л сэдвийг энэ киноноос үзэх болно.

Дэлгэрэнгүй »

Атомын цахилгаан станц: үнэн худлыг өгүүлэх нь

Кёотогийн их сургуулийн Цөмийн реактор туршин судлах төвийн Коидэ Хироаки профессорын "原発のウソ" буюу махчилбал "Атомын цахилгаан станцын худал хуурмаг" номоос хэсэгчлэн орчуулсныг эндээс уншаарай.

Дэлгэрэнгүй »